Tuesday, April 15, 2008

Хүүхдийн оролцоог чухалчилдаг юм байна

Судалгаагаа хийгээд олон номон дундаас цухуйх боломжгүй сууж байхад их ч юм ойлгож олон ч санаа төрөх шинжтэй. Олон улсын жишгээс харвал, хүнд амьдралтай хүүхдийг өөртөө итгэлтэй байж бие даан сайхан амьдрах чадварыг олоход нөлөөлдөг нэг чухал зүйл нь тэдэнд чиглэсэн санаачлагад өөрсдийг нь идэвхитэй оролцуулах явдал байдаг гэжээ.

Нээрээ л тэднийг идэвхигүй, өгсөн юмыг авахаас өөр юм мэддэггүй чаддаггүй мэтээр харах нь өрөөсгөл биз ээ. "Хүүхэд бол чадвартай, гүйлгээ ухаантай, өөрийн гэсэн туршлага, амьдралын түүх, бодол сэтгэлтэй хүмүүс бөгөөд үүнийг хүндлэх нь зүй юм. Хүүхдийн ТӨЛӨӨ биш Хүүхдийн ХАМТ гэдэг үзлээр хандаж оролцоог нь дэмжиж, хангах ёстой. Энэ бол дэлхий даяар олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр ойлгож авсан зүйл юм" гэжээ. (Эх үүсвэр нь Хүүхдийг ивээх сангийн нэр дор англи хэлээр хэвлэгдсэн "Хөдөлмөр эрхэлдэг, гудамжинд амьдардаг хүүхдүүд: Төлөвлөлтийн удирдамж"(2000) хэмээх ном. 3-р хуудас)

Бид өөрсдөө тэр бүр хүүхдүүдийн амьдарч ирсэн нөхцөл, давж туулсан амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй. Тэд өөрсдөө л мэднэ. Тийм ч учраас өөрсөд шиг нь олон олон хүүхдэд яаж туслах вэ гэдгийг тэдний хамтаар бодож боловсруулах нь маш зөв алхам болох нээ гэдгийг эндээс ургуулан ойлголоо.

Бидний дунд ч гэсэн хүндхэн амьдрал туулж даваад одоо сайхан амьдарч буй хэрнээ ийм амьдрал ямар байдгийг мартаагүй, нэг ч болов хүүхдэд шууд тусламаар байна гэсэн хүн бий.
Бид олон сайхан юм хийж чадна гэдэг итгэл өдөр өдрөөр батажсаар байна даа.

No comments: