Sunday, April 13, 2008

Мод тарьж сургая хүүхдүүддээ


Нобелийн шагналтан Вангари Маатайгийн тухай уншиж суугаад ийм санаа төрлөө. Түүнийг би яагаад ч юм эрэгтэй л гэж бодож явдаг байсан, харин өнөөдөр эмэгтэй гэдгийг нь мэдлээ. Тэрээр эх нутаг Кенидээ төрийн бус байгууллага байгуулан мянга мянган эмэгтэйд байгаль орчиндоо ээлтэй замаар аж ахуй эрхлэх, хийж буй ажлаараа байгалиа хамгаалдаг байхад сургаж, өнөөдөр нийт 40 сая мод улс орондоо тариад байна.

Бид ч гэсэн хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд тусалж боловсрол хөгжлийг нь анхаарах явцдаа байгаль орчноо давхар бодолцож, бүгдэд нь мод тарихыг зааж өгч, илүү сонирхсон нэгэнд нь энэ талын мэргэжил эзэмшүүлбэл ямар вэ? Монгол хүүхэд санаачлагынхан маань дээхнэ нэг уулзахдаа Эх нялхасын төвийн гадаа мод тарья гэж ярьсан тал бий билүү үгүй билүү…

Мод тарих юм сан гэж боддог ч мэддэг чаддаггүйн эрхэнд энэ бодлоосоо татгалздаг хүмүүс байдаг байж болох. Ирээдүйд ч манай орон байгаль орчноо бодож, ийм төрлийн арга хэмжээ авахаас өөр аргагүй болох нь ойлгомжтой. Хүүхдүүд маань энэ төрлийн мэргэжилтэй, үгүй гэхэд мэдлэгтэй болж байвал улс орондоо жинхэнэ хэрэгтэй, ирээдүйд эрэлт хэрэгцээ ихтэй хүмүүс болно доо.

No comments: