Saturday, April 12, 2008

Та ингэх албагүй, таныг гэсэн хүмүүс олон бий...

Танихгүй хүнээс ичих нүүрээ баран байж гуйлга гуйж амьдрахдаа хүрээд байгаа хүмүүст (хүүхдүүдэд ч мөн) ингэж хэлмээр санагддаг. Цөөн хэдэн хүнтэй, хүн бүр бие биенээ мэддэг газарт бол хүнд байдалд орсон хүн бусдаасаа найзын ёсоор тусламж эрэлхийлж болдог байх. Сэргээд, амьдрал ахуй нь зөв гольдрилдоо ороод ирэхээр тэднийхээ ачийг хариулна гэсэн сэтгэлээр туслалцааг авч буй тэр хүнд бардам сэтгэл, нэр төр, өөртөө итгэх, өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах шаардлага гарахгүй.

Бусад нь ч гэсэн харсаар байж мэддэг таньдаг хүнээ, дотны нэгнээ тартагтаа тулахыг хараад суухгүй. Гэвч хүмүүсийн тоо олширохын хэрээр энэхүү нэгнээ гэсэн сэтгэл багасаад байдаг нь харамсалтай. Түг түмэн хүн дунд ганцаардаж, гарц нь олдохгүй бэрхшээл саадан дунд төөрөлдөх хүмүүс ийм үед олширдог нь гайхалтай.

Энэ байдлыг өөрчлөх нь амархан бөгөөд хэцүү. Хэцүү гэдэг шалтгааныг хүмүүс бэлхнээ тоочиж чадах байх. Би харин амархан гэдэгт нь илүү анхаарлаа хандуулмаар байна.

Монгол хүн уужуу ухаанаараа жаахан тунгаахад л нийгэм дэхь хүмүүсийн амьдралын чанар нэг бүр хүнийх нь амьдралын нөхцлөөс хамаараад байна гэдгийг ойлгох биз ээ. Өнөөдөр гудамжинд суугаа ноорхой хүүхэд болон шуудайтай хог үүрч яваа гундуу нэгнээ хараад өөрийн эрхгүй орой нь гэртээ уруу царайлан орж ирдэгийн тань учир энд л байгаа.

Асуудлыг шийддэг төрийн механизм байхаас гадна нийгмийн өөрийнх нь механизм гэж бас байдаг. Хүн нь хүнээ гэсэн бичигдээгүй хуулиар энэ нь хэрэгждэг. Аз болоход төр лүүгээ бүх буруугаа чихиж суухын оронд өөрийгөө юу хийж чадах вэ гэдгийг боддог хүмүүс олон болжээ. Өнөөдөр амьдралын эрхээр гэж гэмт үйлдэл хийж, эсвэл нэр нүүрээ барж, хүний хийхгүйг хийж яваа хүмүүст "Та ингэх албагүй, Таныг гэх хүмүүс олон бий" гэж хэлээд, өөрийн чадах бүхнээр туслах хүмүүс бидний дунд байгаа гэдэгт би ч итгэж байна.

Ядарсан хүнд тусална гэдэг нь түрийвчнээсээ, эсвэл банкны данснаасаа мөнгө гаргаад өгөхийн нэр бас биш юм. Тэгэж чаддаг нэг нь байвал сайн байлгүй яахав. Гэвч бичиг баримтгүйн улмаас өөрсдөд нь зориулсан төрийн тусламжийг хүртэж чаддагүй хүмүүс байна (нийгмийн халамжийн хуулийн холбогдох зүйл ангийг нь оруулъя... ямар хүн ямар тэтгэмж мөнгө авдаг тухай).

Мөн өөрөө мэргэжлийн чадвартай атлаа сэтгэл санааны дэмжлэг, найз нөхдийн итгэл дутдаг хүмүүс байна. Эсвэл ажил хийх чадвартай мөртлөө зүгээр л ажил хайх эрэлдээ шантарсан нэгэн байх. Танил тал хардаг, гадаад байдал нөлөөлдөг, хахууль авах гэдэг гэх мэт түг түмэн сөрөг бодолдоо автан аль хэдийн буугаад өгсөн хүмүүс их байдаг болов уу гэж яагаад ч юм бодох боллоо. Гэтэл тэр цаана нь Монголд маань хийгдэх ёстой атлаа хийгдээгүй ажил даанч их бий дээ.

Тухайлбал Улаанбаатар хотын хогийн цэг дээр олон арван хүн хүүхдүүдийн хамтаар "ажиллаж" амьдарч байдаг тухай уншиж байсан юм. Их хотын хогноос амь зууж байгаа тэр хүмүүсийн нөхцөлийг төсөөлөхөд даанч бэрх байлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод хогийг ямар ч эмх замбараагүй нийлүүлж ачаад хотын захад асгахаас өөр хог хаягдлын менежмэнт байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Байгаад мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй.

Гэтэл ихэнхи оронд (яг хэдэн оронд гэдэг тоо баримтыг мэддэг хүн байвал оруулна уу) хогийг хамгийн наад зах нь шатдаг, шатдаггүй, гээд цаашилбал цаас, хуванцар, жижиг, том, төмөр, даавуу, хуучин хувцас гэр ахуйн хэрэгсэл гэх мэт олон ангиллаар ялган хаяж, ихэнхийг нь дахин боловсруулан ашиглаж, үлдсэнийг нь байгальд хор хохиролгүйгээр устгаж байна. Ингэх аргыг олж мэдэх амархан байлтай.

Миний толгойд өнөөдөр орж ирсэн нэг санаа гэвэл тэнд олон хүүхэд өсөж том болж байгаа болохоор бидний анхаарлаа хандуулах ёстой газруудын нэг мөн бөгөөд, болдог бол энэ талын хэдэн мэргэжилтэнтэй холбоо тогтоож, эхний ээлжинд тун авсаархан хог боловсруулах цех байгуулж, тэнд амьдардаг бүх ажлын чадвартай хүмүүсийг ажиллуулж цалинжуулах. Зүгээр л бордоонд ашиглаж болох хүнсний хаягдал, мөн хуванцар, шил, төмөр гэх мэтээр ангилаад холбогдох газарт нь зохион байгуулалттайгаар тушаадаг болох. Эхэндээ цалингийн доод түвшинд цалинжуулахад л тэдний маань амьдралд том өөрчлөлт гарна. Нэгэнт энэ суурийг тавьсан байхад цаашид улам боловсронгуй болгох гараа нь эхэллээ л гэсэн үг. Ийм санааг дэмжиж хөрөнгө оруулалт хийх хүмүүс хайж олж, хандив цуглуулж болмоор санагдана. Хувийн хэвшил маань зарим хүмүүсийн төсөөлдөгөөс илүү өгөөмөр шүү... тийм ээ Оогий?


... Дээр бичсэнээ эргээд уншсан чинь нэг нэгнээсээ урсан гарсан бодлууд, зарим хүмүүс дэндүү хөнгөн хийсвэр гэж бодож болохоор ч юм шиг, идеалист нь хэтэрсэн гэж хэлж болохоор ч болсон мэт. Намайг хэн ингэж шүүмжилж хашраасан юм бүү мэд... Гэхдээ үнэндээ би хашраагүй юм байна. Хүн өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч амьдрахад, бусдын бодож ч зүрхлээгүйг амьдралд "болно" гэж хэлээд хэрэгжүүлэхийн тулд хүний сайн сайханд зөнгөөрөө итгэдэг идеалист нэгэн байх шаардлагатай ч байж болох. Иймээрээ л байгаад өөрийгөө зоригтой илэрхийлэхээс эмээх хэрэггүй ч байж болох юм...

No comments: