Friday, August 1, 2008

Хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөх нь чухал

Хүүхэд гэдэг бяцхан хүн эцэг эхтээ ямар энхрий, ямар ариухан гэгээн, хайр татам байдаг билээ дээ. “Анх төрсөн цагаас чинь л чамайг амандаа хийж бүлээцүүлэхээс буцахгүй, алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлэнхэн өсгөсөн” гэж аав минь байнга хэлдэг. Хайранд умбаж өссөн хүүхэд бусдад ч тийм л халуун сэтгэлээр хандаж, тусалж, өөдөөс өөд үргэлж тэмүүлж, амьдрал нь ч баян сайхан байдаг гэдэгт ээж аав хоёр маань бат итгэдэг. Тэгэж ч бид хэдийгээ хүмүүжүүлсэн. Бага балчир ахуйдаа бүх хүүхдүүд ингэж л өсдөг хэмээн сэтгэж ирсэн.

Гэвч айл өрх бүр ийм хайранд умбаж байдаггүй, хүүхэд бүр энхрийлүүлж эрхэлж өсдөггүй гашуун үнэн элгэн хайрт Монголд минь шилжилтийн хатуу ширүүн үед улам ч тод харагдаж байсан гэлтэй.

Налгар сайхан намрын тэр нэг өдөр хотын төвийн гудамжаар дүүтэйгээ энэ тэрийг хөөрөлдөн алхаж байсан сан. Гэнэт тийм гэхийн аргагүй өрөвдөлтэй дуу амар тайван сэтгэлийг цочироон хадсан. Бага насны хүүхэд айж бачимдан бархирснаа, нулимсандаа баригдсан хоёр нүдээрээ саваа бариад өөрийг нь хайр найргүй занчсан том хүү рүү 'ахиад цохих болов уу' хэмээн бөмбөлзөн харж зогссон нь тэр олны нүдэн дээр ил байсан. Нүүр нь халтар, хувцас нь тамтаг болсон байснаас биш манай гэрийн жаахнаас ялгаагүй, дөрвөн настайгаас зайламгүй жаахан амьтныг түм түжигнэж бум бужигнасан хотын тэр гудамжинд өөр анхаарч харж, зогтуссан хүн байгаагүй. Бид хэзээ ингэж хүйтэн сэтгэлтэй болчихвоо... Яагаад өөр хэн ч анхаарахгүй байнаа гэдэг бодол толгойд хуй салхи шиг эргэлдэж, хэдэн хором яахаа мэдэхгүй зогссон сон.

Гэвч үнэндээ би ч гэсэн юу ч хийж чадаагүй. Тэр гудамжны хүүхдүүд дараа нь хаашаа явсаныг мэдээгүй. Хэрвээ болдог бол гэртээ тэр хүүг дагуулаад харих сан. Хэрвээ болдог бол нус нулимсандаа халтартсан жаахан нүүрийг нь энхрийлэн үнсэж, тэвэрч, тайтгаруулж, хооллож ундалж, цэвэрлэж асарч тойлох сон. Хэрвээ болдог сон бол... гэсэн мянган бодол өөрийгөө буруутгах сэтгэлтэй холилдон олон хоног намайг зовоосон. Тэгсгээд мартагнасан. Гэхдээ л хэзээ нэгэн цагт... гэж бодох болсон.

Тэр үед би ганцаардаж байсан. Хаашаа явж, хэнд хандаж, хэнтэй хамтарч ийм хүүхдүүдэд туслахаа мэдэхгүй учраа олохгүй байсан. Тэгээд мэдсэн. Яг үнэндээ сэтгэл нь зовниж явдаг хүмүүс санаснаас олон болохыг ойлгосон. Тэр ч бүү хэл нэлээд хэдэн байгууллага газрууд сайн муу, тохирсон тохироогүй олон аргаар энэ асуудлыг шийдэх гэж оролдож буйг мэдсэн.

Гудамжны хүүхдүүдийн тоог олон газар олон янзаар хэлдэг. Глоб Интернэйшнл ТББ-ын судалгаагаар 2007 онд нийт 145 хүүхэд гудамжинд амьдарч байсан гэдэг. Өвөл зуны аль болохоос шалтгаалаад энэ тоо хэлбэлзэж байдаг. 2003 онд ЮНИСЕФ-ээс явуулсан судалгаагаар нийт 1200 гаруй хүүхэд орон гэргүй, дийлэнх нь асрамжийн газруудад, үлдсэн нь гудамжинд амьдардаг болох нь тогтоогджээ. Хамгийн гол нь цаана нь бүр олон мянган хүүхэд орон гэргүй болох, гудамжинд гарах эрсдэлд байна гэжээ.

Шилжилтийн үеийн их давалгаанд олон ч айл өрх хамагдан, амьдралд хөлөө алдсан. Гэр бүл дэхь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүүхэд сургууль завсардаж, хүнд хөдөлмөр эрхэлж, эрүүл мэнд, боловсрол хүмүүжлээрээ хохирсон. Архидалт хүчирхийлэл тэднийг дайжин зугтахад хүргэсэн. Гэр бүлээрээ орох оронгүй болох, эцэг эх салахад хүүхэд л хамгийн их хохирч хоцорсон. Нийгмийн эрүүл мэндийн байдал, хүчирхийллийн түвшин олон ч нялхсыг өнчин болгосон. Хүүхдээ тэжээж дийлэхгүй зарим эхчүүд манцуйтай үрээ гудамжинд үлдээгээд холдож байсан. Мянга гаруй хүүхдийн орон гэргүй болсон амьдралын түүх товчхондоо ийм.

Цагдаа нар тэднийг гудамжнаас олж, Хаяг тогтоох төвд авчирах үүрэгтэй. Тэндээсээ гэр бүлд нь буцаана, эсвэл аль нэг асрамжийн төвд хүргэж өгнө. Дүн өвлийн цагаар тусгай эргүүл явагдаж, орц хонгилоор орогнон байх тэднийг бүгдийг 'барьж авчрах' ажиллагаа сүүлийн жилүүдэд зохиогдох болсон.

Цагдаа нар болон гудамжны хүүхдийн асуудал хариуцсан төрийн бусад ажилтнуудад засгаас өгсөн гол үүргүүдийн нэг нь гэмт хэрэг үйлдэхээс нь сэргийлэх. Тийм ч учраас энэ хэд маань хүүхдүүдийг юун түрүүнд ирээдүйн гэмт хэрэгтэн гэдэг утгаар илүүтэй авч үзэх хандлага бий. Тэр нь хүүхдүүдэд хандах байдал, харьцах харьцаанд нь ч шууд нөлөөлж, нийгмээс ялгаварлагдахад нь улам түлхэц болдог. Үүнд бодлогын хувьд зохицуулалт хийх тодорхой шаардлага бий. Ажил үүргийг нь хүүхдэд ээлтэй байдлаар тодорхойлоод, өөрсдөд нь сургалт явуулж ойлгуулсан байхад манай цагдаа нарын хандлага сайжрах нигууртай.

Цагдаа нарын тийн сэрдэх нь мэдээж бас тодорхой хэмжээнд үндэслэлтэй. Өөрсдийнх нь өгсөн тоо мэдээллээр ихэнх хулгайн 80 орчим хувийг гудамжны болдоггүй бяцхан борууд хийдэг. Харин амиа зогоохын эрхэнд ийм хэрэг үйлддэг ч хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт холбогдох нь тун ховор болохыг ТББ-ын судалгаагаар тогтоосон.

Өнөөдөр Монголд 50 гаруй асрамжийн газар ажиллаж байна. Ихэнхи нь 10-20 хүүхэдтэй, цөөн хэд нь 100 гаран хүүхдийг асарч халамжилдаг. Гэвч эндээс зугтаж гардаг хүүхдүүдийн яриагаар зарим нь яг л шорон шиг гаргалгүй цагдаж байдаг, том хүүхдүүд нь багуудаа, мөн ажилтнууд нь хүүхдүүдийг бие сэтгэлээр нь дарамталж дээрэлхэж зовоох нь ердийн үзэгдэл, идэж унтахаас өөр юм хийхгүй мөртлөө дураараа байж бас болдоггүй, юм сурч мэдэж, ажиллаж мөнгө олох боломжгүй гэх мэт бэрхшээл тулгардаг ажээ. Зүгээр сонирхсон хүмүүс бүү хэл сэтгүүлчид очиход оруулдаггүй асрамжийн газруудын талаар уншиж сонсож байсан санаанд орж билээ.

Хүүхдийг Ивээх Сан гэх мэт олон улсын хэмжээний төрийн бус байгууллагууд хүүхдийг ийнхүү байгууллагын хүрээнд өсгөх нь ихээхэн хор уршигтайг нотолдог. Тэд хүүхдийн эрх ашиг байгууллагын эрх ашиг дүрэм журмаас хэзээ ч дээгүүр тавигддаггүй агаад, цалин авч ажиллаж байгаа асрагчид нь яагаад ч эцэг эх шиг ойр халуун дотно байж чаддаггүй, байнга бусдын үгээр захиргаадалтан дор байдаг, хүүхэд өсвөр насанд хүрээд тодорхой эрх чөлөөг эдлэх ёстой атал тэгдэггүй, эцсийн эцэст өсөж том болохын цагт ердийн гэр бүлд өсөөд олж авдаг нийгэмд биеээ авч явах туршлага, амьдрах ухааныг эзэмшээгүй байдаг нь тогтоогдсон байна.

Аз болоход Монголд байдаг бүх асрамжийн газар ийм биш бололтой. Дээрээс авсан үүргийг биелүүлэгчид өөрсдийн санаачлагаар үнэн сэтгэлээсээ юм хийж буй хүмүүсээс эрс ялгардаг ажээ. Миний хамгийн сайн мэдэх нь Бадамлянхуа хэмээх Яармагт байрладаг 120 гаруй хүүхэдтэй халамжийн төв байх. Эргэн тойрны айлуудаас Lotus Child хэмээх өнгөлөг хаягнаас өөр ялгагдах юмгүй 2 хашаанд 6 байшин, 12 гэр байна. Байшинд нярай хүүхдүүд, 6 хүртэлх насныхан, гэрүүдэд арай том хүүхдүүд нь, ээж хэмээгч асрагчийн хамтаар, “өрх” бүр 9-10 гишүүнтэйгээр амьдран сууна. Том хашаанд охид, 6 хүртэлх насны хөвгүүдийн хамтаар, жижигт нь 7-оос дээш насны хөвгүүд тусдаа ч ойрхон байрлана. Хашаандаа худагтай, ус халаах төхөөрөмжтэй, гоожууртай угаалгын өрөө, усыг нь татдаг бие засах газартай.

Өөр нэг хашаанд тус төв нь өөрийн бага сургууль цэцэрлэгтэй. Томчууд нь ердийн хүүхдүүдийн хамтаар ойр хавийн дунд сургуульд сурна. Онц сурдаг ирээдүйтэй хэдийгээ бас харамгүй дэмжиж, 3-ыг нь ч Орчлон дунд сургуульд явуулна. Өглөө босоод бүгд гарч өгнө. Үдээс хойш ээж асрагч нар дээрээ ирээд багачууд нь шавиагаа ханатал тоглож, томчууд нь даалгавраа хийж гэрээ цэвэрлээд бас хамт тоглохоор шамдана. Хашааны голд байдаг үсэрдэг, пүрштэй тоглоом нь үргэлж эзэнтэй, хүүхдийн инээд цуурайтаастай. Тэд Монгол гэртээ гэр хорооллын ерийн нэг айл шиг гэрээ цэвэрлэж, хоол хийж, хувцасаа угааж, багачуудаа асарч, “ээж” хэмээх хүнтэйгээр өсөж хүмүүжинэ. Хүүхдүүд хэрвээ хүсвэл хэлээд тус төвийг орхин явж болно. Тэднийг барьж цагдах хүн, түгжих цуурга цоож байхгүй. Байгууллагын дүрэм хэмээх хатуу чанд зүйлгүй, хүүхдийн хэрэгцээг бодолцож уян хатан өөрчлөлт хийнэ. Энд хүүхдүүд сэтгэл зовних зүйлгүй жаргалтай сайхан бага насыг өнгөрүүлж байна.

Үүсгэн байгуулагчид нь анх Иог бясалгалын хичээлд сууж байгаад танилцсан түүхтэй. Бясалгалын багш гадаад эмэгтэй нь навтарсан хувцастай, шороо тоосонд дарагдсан хүүхдүүдээс бэргэж сэжиглэх нь бүү хэл таарах бүртээ идэх юм өгч, заримыг нь гэртээ дагуулж ирээд угааж, цэвэрлэж, хувцасыг нь сольж асарч тойлохыг тэд гайхах бишрэх, мөн өөрсдөөсөө ичих холилдон харсан. Удахгүй хамтарч ажиллах болсон. 1995 онд ТББ байгуулаад, хүүхдүүдийнхээ төлөө хамаг арга чарга гадаад дотоод холбоо сүлбээгээ ашиглан тэд санхүүжилт, дэмжлэг олж байсан. Маш олон хүн бага багаар тусалсан. Монголчууд мөнгө өгч чадахгүй ч хэрэгтэй хүнтэй нь холбож өгөх, өөрөө ирж туслах, гудамжинд хүүхэд олдвол авчирч өгөх гээд өөр өөрийн чадах чинээгээр тусалж байсан. Удахгүй харин мөнгө өгөх ч чадалтай болсон. Өмнө нь зуун хувь гадны буяны байгууллагуудад түшиглэн санхүүжилтээ олдог байсан бол одоо энэ нь 70 хувь хүртэл буурсан. Цаашид ч Монгол байгууллага хүмүүсийн хувь нэмэр нэмэгдэх төлөвтэй.

Асар олон хүний сэтгэлийн үр ийнхүү өөр хаана ч байхгүйгээр дэлгэрсэн. Тэд бол улсын асрамжийн газрууд гудамжны хүүхдүүд авдаггүй, олон улсын байгууллагуудын тусламж орж ирээгүй байхад, төрөөс өчүүхэн ч санхүүжилтгүйгээр өдий зэрэгт төвөө хүргэсэн. Одоо ч сайн яваа хүүхдүүдээс нь сайхан мэдээ сонсогддог.

Харин ээж асрагч нар нь их солигддог, зарим үед ажилтны тоо хүрэлцээгүй, хүүхэдтэй ялангуяа эрэгтэй хүүхэдтэй ажиллах туршлага дутдаг, цөөн хэдэн хүмүүсийн нуруун дээр дэндүү их үүрэг ачаа ногддог, сайн дураар ирж ажилладаг нь ихэнхи нь гадаадууд байдаг гээд тэдэнд дутагдаж буй зүйлүүд ч бий. “Монголчууд улам олноороо ирж туслаж байгаасай, хүүхдүүдтэй маань нөхөрлөж, тусалж дэмжиж, өөрсдийн мэддэг чаддагаасаа зааж өгдөг байгаасай. Хамгийн гол нь тэдэнд маань сэтгэлийн дэм, өөртөө өөрийн ирээдүйд итгэх итгэл, өөдрөг сэтгэл бий болгож өгөөсэй” гэж Бадамлянхуагийнхан хүсэж, найдаж байгаа.

Ирээдүйд бид хүүхэд бүрээ хариуцлагатай эцэг эхийн ёсоор хайрлан өсгөж, халуун дулаан гэр бүлийн орчинд хүмүүжүүлж чаддаг болохын цагт, золгүй явдлын улмаас өнчирсөн, хаягдсан хүүхдийг удам судар, царай зүс, өвчин эмгэг гэх зэргээр ялгаварлан гадуурхалгүй энэрэн өсгөдөг болохын цагт ийм байгууллагын хэрэг үгүй болно. Тэр болтол бидний хийж болох хамгийн чухал зүйлүүдийн нэг бол өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийн тэднийг дэмжих явдал юм.

Sunday, July 6, 2008

...

Монголын талаарх Yahoo-гийн мэдээ хүлээж автал
Mongolia is expected to lift a state of emergency implemented after unprecedented deadly election riots engulfed Ulan Bator гэсэн байх юм.

"Урьд өмнө гарч байгаагүй үхэл тарьсан сонгуулийн үймээн самуун Улаанбаатарыг нөмрөхөд хэрэгжүүлж эхэлсэн онцгой байдал удахгүй дуусгавар болох гэж байна" гэснийг уншсан хэн боловч Зимбабвид болж буй үймээн алан хядлагатай төстэй юм болж байгаа юм байна гэж ойлгохоор.

Гэтэл Улаанбаатрыг "нөмөрсөн" гэж хэлж болох билүү? Зөвхөн МАХН-ын байр, СТӨ хавьд жагсаал цуглаан болсон шүү дээ. Тэр нь гараас гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ 5 хүн нас барсаныг үхэл тарьсан гэж хэлж арай л боломгүй санагдлаа. Гадны хэвлэл мэдээллүүд жаахан дэндүүлээд байх шиг.

Онгоцноос буугаад гэр лүүгээ харьж явахад Улаанбаатар хот маань тайван сайхан байсан. Харин нэг гудамжны өнцөг дээр цагдаагийн машин байрлуулаад, байлдааны өмсгөлтэй цэргүүд зогсож байх нь харагдахад гэнэт гудамж ямар эл хуль, хот ямар чимээгүй байгааг анзаарсан даа.

Өнөөдөр нэгэнт хорио тавигдаад бүх юм энгийн байдалдаа эргэж орж байна. Жуулчид ч гудамжаар хээв нэг явж байна. Харин урд жилүүдийнхийг бодвол тоо нь цөөрсөн байж мэдэх л юм. Тэдний дунд хэрэгт дурлаж, Монголд болж буй үймээнийг сурвалжлах, үзэх сонирхолтой хүн байсан бол харин сэтгэл дундуур үлдсэн болов уу

Thursday, May 22, 2008

Mongol - Trailer

This must be the best of all the trailers made on
Mongol (2007) by Sergei Bodrov.

Monday, May 19, 2008

Сайхнаас сайхан...

Сарнай цэцгийн үзэсгэлэн үзэхээр яваад бага насаа өөрийн эрхгүй дурсан саналаа.
Гэрийн хашаан дахь бяцхан цэцэрлэгт ургадаг сарнайн бут хүүхдийн баяр дөхөхөд ид цэцэглэн дэлгэрээд, ээждээ баярын өдрөөр том шар, цагаан, улаан сарнайнуудыг алаглуулан бэлэглэдэг сэн.
Интоорын моднууд нь эндхийн сакура шиг цэцэглэн тийм гэхийн аргагүй анхилуун үнэртэж байгаад дэлбээ нь унахад хүүхэд бид жимс нь гарахыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Дөнгөж улайж эхлэв үү үгүй юу амталж үзэх гээд цэцэрлэгч ахын нүдийг хариулах арга хайгаад л.
Зүүд мөрөөдөл ч байсан юм болов уу...


















Wednesday, April 30, 2008

Хотынхоо өнгө төрхийг өөд нь татахад

Түрүү жилийн арван сард "энэ сайхан Монгол улсынхаа нийслэлийг яавал илүү хурдан, бас яг юуг нь өөрчилбөл илүү сайхан болох бол гэж их боддог юм. Энэ талаар та бүхэн маань юу гэж боддог вэ? regular_smile" гэж асуусан хүний тэмдэглэлд бичиж байсан сэтгэгдлээ санаандгүй ахиад олж уншлаа. Одоо ч гэсэн бодсоор л байна:

Хотод ажилладаг, амьдардаг бүх хүмүүсийг ямар нэг байдлаар оролцуулах хэрэгтэй. Хүн ардаа боловсролгүй, ухамсаргүй гэж хаяж, үгийг нь сонсохгүй байж болохгүй. Тэгвэл харин ч ухамсаргүй юм шиг аашилж болох мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ухамсартай, чадвартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч харьцвал сая юм хийх урам зоригтоо хөтлөгдөнө гэж бодогддог юм.

Тэднийг сэтгэлийнхээ угт байгаа хүсэл эрмэлзэл, мөрөөдөл рүүгээ өнгийж, түүнийгээ олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх боломж олгоё. Та өөрийнхөө хотыг ямар байвал сайхан гэж төсөөлж байна вэ? Та яг тийм болгохын төлөө өөрөө юу хийж чадах вэ? гэдгийг хүн бүрээс асууж, хариултыг нь цуглуулж болно шүү дээ. Телевиз, радио, интернэт гээд цацаж болох суваг хангалттай бий. Анхаарлыг нь татахын тулд ямар нэг урамшуулал ч амлаж болно. Тухайлбал, түрүүлсэн хүүхдэд сургалтын зардал амлах ч юм уу, том хүн түрүүлбэл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь хүн хүчний тусламж үзүүлнэ гээд өөрсдөө сайн дураараа очиж туслах ч юм уу, өөр бодоод байхад олон л юм санаанд орж байна.

Хариуг нь цуглуулж дүн шинжилгээ хийгээд хотын захиргаанд танилцуулж болно. Тэгээд түүн дээрээ үндэслээд иргэдийн зөвлөл жишээ нь байгуулвал ямар вэ? Хороо бүрийн иргэдийн үзлийг нэгтгээд төлөвлөгөө болгоход нь туслах, мөн хэрэгжүүлэхэд нь туслах, төлөвлөгөөнүүд хоорондын уялдааг хангах зэрэг үүрэгтэй байж болох юм.

Мэдээж тэр хорооны иргэд нь янз бүрийн мэргэжил чадвартай, янз бүрийн газар ажилладаг хүмүүс байгаа. Тэр хэмжээгээрээ тэнд нөөц чадавхи байна гэсэн үг. Хамгийн гол нь бүгдээрээ оролцож байж хийсэн юмаа үнэлж, цаашид тиймээр нь хадгалах гэж хичээнэ. Бусдаар хийлгэх юм бол үнэ цэнийг нь тэр бүр ухаарахгүй. Тухайлбал хог хаяхаа зогсоох, хогний асуудлаа шийдэхэд энэ арга үр дүнгээ өгч магадгүй. Мэдээж илүү том юм хийх, тухайлбал спортын цогцолбор барих зэрэгт нөөц боломжоо дайчлах гээд цааш нь бүр нарийн юм бодож олох хэрэгтэй байх л даа. Гэхдээ ямар ч гэсэн нэгэнт сайхан төсөөлөл бий болгож өгөөд, хүрэхэд тийм ч хэцүү биш шүү гэдгийг харуулаад өгвөл олон юманд хөтлөнө дөө.

Хотын тулгамдсан асуудлууд бол хүн болгоны сэтгэлд байгаа зүйл. Ямар нэг хэмжээгээр бүгдээрээ бодож, сэтгэл нь зовниж яваа. Яг эвлэлдэн нийлээд ажил хэрэг болгох гэхээр л эхлүүлэх хүмүүс дутаад байгаа гэж бодож байна.

Сайн бодвол, бас олуулаа нийлж бодвол илүү сайн санаа төрөх л байх.

2007 оны Аравдугаар сарын 15. 15 цаг 40 мин.

Tuesday, April 22, 2008

Hopelessly devoted to you...

Hopelessly romantic хүний толгойд бүтэн өдөржин ийм л дуу эргэлдэж байх юм

Tuesday, April 15, 2008

Төвдийн асуудал дэлхий нийтэд Монголын үнэн түүхийг ойлгуулна

Өнгөрсөн жил Нъю Йорк хотноо Robert Thurman, Elliot Sperling хэмээх Хятад-Төвдийн асуудлаар мэргэшсэн хоёр нэртэй судлаач, мөн сэтгүүлч Thomas Laird нарын хооронд Төвдийн асуудлаар мэтгэлцээн болсон юм байна.

Хятадын хувьд Төвдийг 13-р зуунаас хойш Хятадын нэг хэсэг байсан гэж зүтгэдэг ч үнэн хэрэгтээ Төвдийг Монголчууд 13-р зуунд, Манжууд 18-р зуунд эзэлсэн гээд аль аль үндэстэн нь Хятадаас огт өөр юм гэдэг дээр бүгд санал нийлсэн байх юм.
Төвдийн тусгаар тогтнолын түлхүүр түүхийн үнэнд байгаа учир дэлхий нийтэд ухуулж ойлгуулах нь тэмцэгчдийн гол зорилго байх ёстой гэж блогийг бичигч нь үзжээ.

"The most clear-cut answer to why Tibet was an independent country, all three men agreed, was that while it was true that Tibet was occupied and invaded several times, it was never by the Chinese. China says that they have ruled the region since the 1200s, but in the 1200s, it was the Mongols who invaded. The Tibetans entered into a “priest-patron” relationship with the Mongols, although the scholars argued as to the extent. Elliot said that while that relationship existed, it was in reality complete domination, where as Laird said it wasn’t.

Later in the 1700s, the Qing dynasty took over Tibet, but once again, the Qing dynasty was Manchu, or from Manchuria, and not Chinese. Laird and Thurman both said that it was very clear to them the Manchus were not Chinese, and that the Chinese actually hated the Manchus. This dynasty abdicated in 1912, when the Republic of China was formed. That same year, Chinese troops in Tibet ceded and left the country, and the 13th Dalai Lama proclaimed independence.

The point of contention is where China says that they have ruled over Tibet for 800 years. The problem with their argument is that neither Mongolians nor Manchus are ethnically Chinese, and have never been, so to say that Tibet has been part of China for that long is a complete farce, unless Western Europe and the Middle East are also counted as part of China now. The Mongols, as you may know, had the largest contiguous empire in the history of the world."

Mongolian Empire


Хятадыг эсэргүүцдэг Энэтхэг залуугийн блогоос олж уншив.