Friday, June 25, 2010

Аугаа их Лула да Силва буюу Бразилд бичсэн тэмдэглэл

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Итгэмжлэлийг өвөрлөн Өмнөд Америкийн энэ том орныг нэгэнт зорихоор болжээ. Бразил Улс нь олон ястан үндэстнээс бүрдсэн 190 гаруй сая хүн амтай, Монгол орноос даруй 5 дахин том буюу 8 сая 514877 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, газрын тос, байгалын хий, алт, ялангуяа уран зэрэг арвин их нөөц баялаг бүхий, сүүлийн жилүүдэд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутагтаа төдийгүй дэлхийд айрагдах болсон, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 10200 ам.доллараар хэмжигдэх, 2010-2011 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн, Латин Америкийн нэгэн гүрэн бүлгээ. Түүхийн үүднээс үзвэл 16 дугаар зууны үеэс Португалын эзэнт гүрний захиргаанд 300 шахам жил оршиж, энэ бүс нутгийн бусад орноос ялгаатай нь 1822 онд тусгаар тогтнолоо зарласан ч 1888 он хүртэл хаант засагтай байгаад 1889 онд Бүгд Найрамдах улсаа тунхагласан орон юм байна. Наплеон хаан Европыг эрхэндээ оруулахад Португалын хаан Бразилд ирж, эзэнт гүрнээ мандуулж суусан түүхтэй аж. Тэр хааны хоёр ч ханхүү Бразилийг үргэлжлүүлэн захирч суужээ.


Умард Америкаас дэлхийн бөмбөрцгийн уртрагын 80-аас 45 хэмээр уруудан бүтэн 12 цаг орчин үеийн агаарын хөлгээр аялж, сая Өмнөд Америкийн Бразил гүрний нийслэл Бразилия хотод газардав. Халуун бүсийн орон гэж төсөөлөмгүй сайхан агаар, нар гийсэн тунгалаг өглөө биднийг угтлаа. Бразилийн Гадаад яамны ёслолын болон чиглэлийн газрын албан тушаалтнууд ч биднийг тосон авлаа. Энэ орон португал хэлээр ярьдаг дэлхийн 8 улсын хамгийн хүчирхэг нь ажээ. Португал хэлтэй орнуудын холбоо ч гэж бий дээ. Энэ хэл нь латин гаралтай учраас миний мэддэг румын хэлтэй төстэй юм. Аргагүй биз ээ нэг ээжийн хүүхдүүд л гэсэн үг шүү дээ. Үгсийн сангийн бараг 60 хувийг нь төсөөлөх юм шиг билээ. Бразил хүмүүс латин гаралтай, халуун цустай хүмүүс юм. Илэн далангүй атлаа зарчимч, нөхөрсөг дотно, хөгжилтэй байдал нь их сайхан сэтгэгдэл төрүүлэв. Нийслэл Бразилия нь засаг захиргааны гол төв бөгөөд Рио де Жанейрогоос ердөө л хагас зууны өмнө таслан авчирсан түүхтэй, маш сайн төлөвлөж баригдсан орчин үеийн сайхан хот юм. Энд 2,4 сая хүн аж төрөн суудаг юм байна. Энэ хотоос л Бразил гүрэн, Бразил түмэнтэй танилцах нөхөрлөх их аян эхэлсэн билээ.

АУГАА ИХ ЛУЛА ДА СИЛВА

Миний бие 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Бразил Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Луиз Инасио Лула да Силвад Итгэмжлэх Жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлан, Монгол-Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхээ илэрхийлсэн юм. Лула хэмээн ард түмэндээ авхайлуулсан энэ энгийн бөгөөд эрч хүчтэй эр дэлхий дахинаа гайхагдсан эрхэм болохыг нь мэдэхийн хувьд бас ч жийрхэх, хүндэтгэх давхцан байтал тэрээр эелдэгээр дал мөрөн дээр алгадаж, эр хүний ёсоор найрсаг сайхан ярилцана билээ. Дашрамд тэмдэглэхэд бразилийн ажилчин ангийн төлөө Үйлдвэрчний хүчтэй эвлэл байгуулан тэмцэж явсан өнгөрсөн зууны 70-аад оноос тэрээр өөрийн нэрэнд ЛУЛА хэмээх чимгийг нэмжээ. Тэр нь португал хэлээр далайн нэг амьтны нэр бөгөөд англиар squid гэснийг манай Монгол-Англи хэлний оксфордын алдарт толь бичигт “толгой-хөлт зөөлөн биетэн” хэмээн их л бүдүүн бараг орчуулсан байна билээ. Newsweek сэтгүүлийн 2009 оны 9 дүгээр сарын 22-ны дугаарт “Газар дэлхий дээрх хамгийн цуутай улс төрч бол Лула да Силва юм” /The Most Popular Politician on Earth/ гэж тэмдэглэсэн ажээ. Харин бразилчүүд түүнийг “урьд өмнө төсөөлөн бодож байгаагүй баатар эр” /unlikely hero/ гэх юм билээ. Эдүгээ 65 нас сүүдэр зооглож буй Лула 9 хүүхэдтэй айлын 7 дахь нь бөгөөд 12 наснаасаа эхлэн цэвэрлэгч, гутал тослогч гэх мэтийн хар бор ажилд нухлагдаж, 3 жил суралцсаны эцэст төмөрчин гэх мэргэжил эзэмшсэн юм байна. 1969-1975 онд Бразилийн 100-170 мянган ажилчин эгнээндээ нэгтгэсэн Үйлдвэрчний байгууллагыг тэргүүлж, шорон гянданд хоригдон байж их тэмцлийг манлайлж явжээ. 1980 онд тэрээр Бразилийн Ажилчны намыг үүсгэн байгуулж, 1986 онд анх удаа ажилчин ангийн төлөөлөл болон тухайн үедээ хамгийн өндөр буюу 650,134 хүний саналаар Үндэсний конгрессийн гишүүнээр сонгогдон улсынхаа шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлалцсан байна.

Лула Бразилд нүүрлэж байсан хээл хахууль, авилгын эсрэг тууштай тэмцэж, энэ том гүрнийг орчин үед хамгийн лут асуудал болон дэлхий дахинаа тавигдаж буй “аюулт тахлаас” аварсан гэх юм билээ. Тэрээр 2002 оны 10 дугаар сарын 27-нд Бразилийн түүхнээ анх удаа “ажилчин” Ерөнхийлөгчөөр, 2006 онд мөн дахин сонгогдон ажиллаж байгаа аж. Надтай уулзсан Бразилийн албаны хүмүүс ам уралдан Ерөнхийлөгчөө магтаж байна билээ. Үндэсний Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгчийн Олон улсын харилцааны Зөвлөх хатагтай Хэбэ Г.Далгаард “ийм хүн Бразил оронд дахин Ерөнхийлөгч болж төрнө гэдэгт эргэлзэж байна” гэж шууд хэлсэн. Ард түмний хүндлэлээс илүү юм гэж яаж байх билээ. Ерөнхийлөгч Лула да Силва бие хамгаалагчдаасаа татгалзаж, эх орондоо морилохдоо замын хөдөлгөөнд түгжрэхдээ түгжирч, үгүйдээ үгүй ямагт энгийн хүмүүсийн жаргал зовлонг хуваалцан аж төрдөг гэх.

Энэ оны 10 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Лула хуулийн дагуу өрсөлдөх эрхгүй. Гэхдээ тэрээр явах хүний сэтгэлгээгээр ажил төрөлдөө ханддаггүй. Бразилийн Боловсролын яамны Олон улсын харилцааны Албаны дарга Леонардо Освалда Б.Роса “Лула да Силва 10 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дунд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, их дээд сургууль нийлсэн 300 шинэ сургууль нээх гэж байгаа” гэж ярьж байсан. Рио де Жанейрог 2016 оны 31 дүгээр Олимпийн хотоор шалгаруулахын төлөө эцэж цуцахыг үл ажран тэрээр алдарт Пеле-гийн хамт бүхэл бүтэн сарын турш Европт ажилласан гэнэлээ. Риог олимпийн хотоор ОУОХ шалгаруулахад Пелетэй хамт нүдэндээ нулимстай зогсож байсан Ерөнхийлөгч бол Лула да Силва байсныг та бид цэнхэр дэлгэцээр харснаа мартаагүй буй заа. Лула Ерөнхийлөгч дэлхий дахинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ч их тус нэмрээ оруулдаг. Венесуэлийн Хьюго Чавес, Боливийн Эво Моралис, Ираны Ахмединежад нартай дэлхийн хамтын нийгэмлэг хэнийг уулзуулж байна вэ. Ерөнхийлөгч Лула да Силваг шүү дээ. Саяхан тэр Ахмединежадтай цөмийн хөтөлбөрийнх нь талаар Иранд очин ярилцаж байсныг бид харсан. Манай Элбэгээ Ерөнхийлөгчид түүнтэй төстэй олон зүйл бий гээд хэлчихвэл арай улс төр рүү түлхчихгүй болов уу гэж найдъя. Энэ цэнхэр гаригийн Өмнөд Америк гэх диваажингийн гэмээр нутаг оронд ертөнцийн бас нэгэн цуутан аугаа их Лула да Силва Ерөнхийлөгч хөдөлмөрлөж байна. Уулзаж учирцгаая, суралцацгаая монголчууд аа.

ХУУЛЬ ТОГТООГЧИД ХОЛБОО ТОГТООНО.

Намайг элчин сайдаар томилогдож байхад УИХ-ын эрхэм гишүүн, Парламент дэх Монгол-Бразилийн бүлгийн дарга Сайхансамбуу уулзаж, энэ орны Үндэсний Конгресстэй холбоо харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсч байсан юм. Энэ удаа би уг хүсэлтийг биелүүлэх, Бразилийн хууль тогтоогчдод Монгол орны болон УИХ-ын үйл ажиллагааны талаар анхны мэдэгдэхүүн өгөх зорилгоор Үндэсний Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгчийн Олон улсын харилцааны Зөвлөх хатагтай Хэбэ Г.Далгаард, Сенатын Гадаад харилцааны албаны дарга, элчин сайд Педро Луиз Родригс нартай тус тус уулзлаа. Хоёр орны Парламент хооронд холбоо харилцаа тогтоох санал тавьж, Монгол Улсын Их хуралд Монгол-Бразилийн найрамдлын бүлэг ажилладаг тухай мэдээлэн, гишүүдийн нэрсийг гардуулав. Тэд Монголын парламентчид Бразилийн хууль тогтоогчидтой харилцаа холбоо тогтоох эрмэлзэлтэй, мөн УИХ-д бүлэг ажилладагыг сонсоод ихэд олзуурхаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэхийн сацуу энэ 10 дугаар сард болох сонгуулийн дараа Бразилийн Үндэсний Конгресст мөн бүлэг байгуулахаар ажиллахаа илэрхийлэв. Олон улсын парламентийн холбооны болон бусад хурал чуулганы үеэр Монголын Парламентчидтэй уулзан учирч, санал солилцоход бэлэн гэдгийг тэдэнд уламжлахыг хүслээ.
Бразил Улс 133,249,485 сонгогчтой юм байна. Сонгуульд 16-17 насны болон 70-аас дээш насны сонгогч сайн дураараа оролцож болох, 18-70 насны сонгогчид заавал санал өгөх хуультай юм байна. Ирэх 10 дугаар сард болох ээлжит сонгуулийн хуульд нэмэлт хийж сонгууль болох өдөр үндсэн тойргоосоо гадна явж байсан ч санал өгөх заалтыг нэмж тусгасан аж. Сонгогчдын саналыг цахим хэлбэрээр авдаг тул дүн нь цаг цагаар тодорхой гарахаас гадна сонгуулийн хуудасны будилаан гэгчид өртдөггүй ажээ.

БРАЗИЛ УЛС МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАВ

Ерөнхийлөгч Лула да Силва ИЖБ-гээ барьсан хавсран суугаа 16 орны Элчин сайд нарт зориулж хүндэтгэлийн зоог барих үеэр миний бие Бразилийн Гадаад харилцааны сайд Селсо Аморимтай уулзан, өөрийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын мэндчилгээг уламжилж, Бразил Улс хөгжин дэвшиж, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд нэр хүнд, байр суурь нь өсөн нэмэгдэж байгаад баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол-Бразилийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжих бололцоо нээгдэж байгааг манай тал бүрэн дүүрэн ашиглахын төлөө байгааг илэрхийлэв. Мөн Бразилийн уул уурхайн Вале компанийн Монгол дахь үйл ажиллагааны тухай тайлбарлав. Бразил Улсын Засгийн газраас өнгөрсөн өвлийн хатуу ширүүнд өртсөн Монголын хүүхэд багачуудад зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангаар уламжлан 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Намайг Оттавагаас мордохын өмнө уг тусламжийн тухай Канадад суугаа ХБНБУ-ын ЭСЯ-наас надад албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ дэлхийн хаана ч тохиолдож болох байгалын гамшигт өртсөн орон, тэр дундаа хүүхдүүдэд сайхан сэтгэл гаргасан алс холын бразил түмэнд талархах нь зүй ёсны хэрэг байлаа. Өргөн уудам хийгээд баян тансаг энэ тивийн улс бүр Монгол оронд ингэж хандаагүй шүү дээ. Тэгэхээр Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх сонирхол Бразил Улсад байгаа нь мөн үүгээр нотлогдох буй заа.

ДИПЛОМАТ АЛБАНЫХАН ЗӨВЛӨЛДӨНӨ

Миний бие энэ удаад Бразилийн ГХЯ-ны Ази, Далайн орнуудын газрын Захирал Франсиско Мауро Бразил де Холанда, Ёслолын газрын Захирал Жорж Монтеиро Прата, Дэд захирал Хосе Амир Дорнелес, Уул уурхай, эрчим хүчний сайдын Зөвлөх Рубэм Антонио С.Барбоса, Боловсролын яамны Олон улсын харилцааны Албаны дарга Леонардо Освалда Барчини Роса, Бразилийн Үндэсний Конгрессийн Сенатын Гадаад харилцааны Албаны дарга Педро Луиз Родригс, Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгчийн Олон улсын харилцааны Зөвлөх хатагтай Хэбэ Г.Далгаард нарын хүмүүстэй тус тус уулзаж, хоёр орны харилцаа хамтын, ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. Тэгэхдээ Монгол Улс 20 гаруй жилийн өмнө ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн замыг сонгож, улс орноо хөгжүүлэх үйлсдээ багагүй амжилт олж байгаа ч сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа болон Монгол Улсын улс төрийн болоод эдийн засаг, худалдааны гадаад бодлого нээлттэй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, байгалийн баялагаа зохистой ашиглаж, эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж буйг тэмдэглэсэн. Мөн Монгол Улс Орос, Хятад хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй, жижиг орон ч дэлхийн тэр хэсэгт ардчиллын замаар тууштай хөгжиж байгаа цорын ганц орон юм. Бразил нь Өмнөд Америкт төдийгүй дэлхий дахинаа өсөн дэвжиж буй том эдийн засаг, ардчиллыг эрхэмлэгч, дэмжигчийн хувьд Монгол оронтой хамтран ажиллах бололцоотойг тайлбарлаж явлаа. Түүнчлэн хоёр хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнууд түүний дотор Монголын ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг тууштай дэмжиж ирсэн хөгжингүй орнуудтай нягт хамтран ажиллаж, тэднийг бүхэлд нь "гуравдагч хөрш" гэж нэрлэдэг талаар ярив. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан шинэ техник, технологи, стандартыг нэвтрүүлэх, туршлага хуваалцах сонирхолтой байдаг. Энэ чиглэлээр Бразил Улстай уул уурхай, боловсрол, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг онцлон тэмдэглэлээ. Манай улсыг НҮБ-ын ЭЗНЗ-ийн сонгууль, ФЕАЛАК-т гишүүнээр элсэхэд дэмжсэн, Бразил нь 20-ийн Бүлгийн орны хувьд манай зүгээс тавьдаг санал санааачлагыг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улсын эдийн засагт уул уурхайн үйлдвэрлэл зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Ойрын ирээдүйд ч хандлага хэвээр үргэлжилнэ гэж бид үздэг. Учир нь манай улсад дэлхийд томоохонд тооцогдох зэс, алт, нүүрсний уурхайнуудын нөөц тогтоогдоод байгаа юм. Өнгөрсөн онд манай улс Канадын Айвэнхоу Майнз, Британийн Рио Тинто компаниудтай хамтран Оюу Толгой хэмээх зэс, алтны орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Эдүгээ "Таван толгой" хэмээх нүүрсний орд ашиглах гэрээ байгуулахаар хөрөнгө оруулагчидтай ажиллаж байна. Манай улс "Таван толгой"-н нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийн болон түүнтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар ярилцаж байгааг мэдээлж, орд ашиглах тухай саналаа ирүүлсэн ОХУ, АНУ, БНХАУ, Япон, Швейцари, Австрали, Энэтхэг, БНСУ-ын компани, концерциумуудын дотор Бразилийн Вале компани, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум байгуулан оролцож байгааг онцлон дурдлаа. Хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн Зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан хийх тухай манай саналыг айлын тал нааштай хүлээн авав. Бразил нөхөд хэд хэдэн яамдын төлөөлөгчдөөс бүрдсэн баг байгуулан 9 дүгээр сарын эхний хагаст багтан Монгол Улсад айлчлана гэж хожим мэдэгдсэн билээ.

БОЛОВСРОЛЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА

Монгол, Бразилийн Засгийн газар хооронд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр байгуулахаар олон жилийн өмнө манай тал төслөө өгч, мөн Бразилийн тал хариугаа явуулсан гэх боловч яагаад ч юм сураг ажиг нь тасраад удсаныг нэг тийш болгох шаардлагатай байлаа. Тиймээс энэ талаар зөвлөлдөхөөр Бразилийн Боловсролын сайдтай уулзах хүсэлт тавьсан ч тэрээр Лула Ерөнхийлөгчийн албан ёсны хугацаа дуусахаас өмнө байгуулах сургууль соёлын асуудлаар "хөдөө" явжээ. Гэвч намайг Боловсролын яамны Олон улсын харилцааны Албаны дарга Леонардо Освалда Б.Роса хүлээн авч уулзсан юм. Тэрээр боловсролын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн манай талын төсөлд өгөх зарчмын саналаа бичгээр удахгүй илгээж, түүнийг байгуулах талаар ажиллахаа илэрхийлэв. Бразил Улс хөгжихийн хэрээр боловсролын чанарыг дээшлүүлэх, хүн бүрийг боловсролтой болгох талаар анхаарч ажиллаж байгаа гээд тухайлбал, 10 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дунд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, их дээд сургууль нийлсэн 300 шинэ сургууль нээх гэж байгаа гэв. Мөн Монгол орон хөдөөгийн хүн амд боловсрол олгож байгаа хэлбэр нь их сонирхолтой санагдсан. Түүнээс суралцах тухай хамтын ажиллагааны хэлэлцээртээ тусгах саналтайгаа хэлж байна билээ. "Монгол хүүхдүүд мориор явж сургуульдаа очдог бол манай зарим мужийн хүүхдүүд завиар сургуульдаа ирж болох нь байна шүү дээ" гэж ярив. Роса Бразилийн Амазон мөрний ойр орчмоор аж төрдөг хүмүүсийн хүүхдүүдийн тухайд ярьж байх шиг байна билээ. Мөн тэрээр "манай улсад уул уурхайн сургалтын чиглэлээр хуваалцах туршлага бий. Ийм чиглэлийн үйлдвэр сургалтын төвүүд /ҮСТ/, эрдэмтэд, багш нар бий. Петробраз зэрэг том компаниудын дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг сургууль, ҮСТ-үүд бий" хэмээн дурдаж, манай хоёр улс эдгэээр чиглэлээр хамтран ажиллах бололцоо байгааг цохож байсан. Уул уурхай, байгалийн баялагын их нөөцтэй, бас их туршлагатай энэ оронтой Освальд Росагийн санал болгосон чиглэлээр хамтран ажиллахад аль аль талдаа хэрэгтэй л юм шиг билээ. Манайхан нухацтай үргэлжлүүлэн ярилцаж, ажил хэрэг болгох байх аа.

МОНГОЛ ЗҮРХТЭЙ ЭР

Яагаад ч юм бэ Бразилийн Сан Пауло хотод суугаа манай өргөмжит консул Роберто Силваг ийнхүү тодорхойлмоор санагдлаа. Тэрээр энэ албан тушаалыг 10 жил хашиж буй ажээ. Энэ оронд түүний мэдэхээр хоёрхон монгол аж төрдөг байна. Гэхдээ энэ хүн Монгол, Бразил хоёр орныг холбохын төлөө чин сэтгэлээсээ ажилладаг юм байна. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил аль оронд байгаа Монголын ЭСЯ-нд харьяалагдахаа мэдэхгүй байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэргийн хамт үүгээр нэг удаа дайран өнгөрсөн, түүнтэй далайн эрэгт очсон. Түүнд их тусалсан хэмээн ярина билээ. Хамт авахуулсан зураг хөргөө ч албан өрөөндөө нандигнан залсан байсан. Өргөмжит консул Роберто Силва ИЖБ барих ёслол болон хоёр талын уулзалтуудад оролцов. Сан Пауло хотод нэг өдөр ажиллаж, Өргөмжит консул Роберто Силвагийн ажил байдалтай танилцан, Өргөмжит консулын үйл ажиллагаатай холбогдсон заавар чиглэл өгч, сонирхсон, эргэлзэж тээнэгэлзсэн асуулт бүхэнд нь хариу өгөв. Манай зөвлөх Д.Гансүх ажилтнуудад нь нэг хагас өдрийн сургалт шахуу юм хийсэн шүү. Монгол нутгаас хол байгаа, тэр болгон заавар зөвлөгөө авч чаддаггүй тэдэнд их л сайн хэрэг болсон. Талархал илэрхийлж, Оттава дахь ЭСЯ-тай цаашид нягт хамтран ажиллана гэж байлаа. Ийм ч үүрэгтэй юм л даа. Роберто Силва гэдэг энэ эр ямар ч гэсэн Монголын төлөө ертөнцийн тэр хязгаарт сэтгэл зүрх гарган ажиллаж байгаа нь түүний Өргөмжит консулын газрын байр байдлаас харагдсан.

Өмнөд Америкийн Бразил гүрэнд Монгол төрийн даалгасан ажлыг чанд гүйцэтгээд дэлхийн бөмбөрцгийн өмнөд өргөргийн 45 хэмээс хойд өргөргийн 45 хэмд буцан буухад умрын зөөлөн салхи хацар илбэн сэвэлзэнхэн байлаа.

ТҮНДЭВДОРЖИЙН ЗАЛАА-УУЛ

Бразилия-Оттава, 2010 оны 5 дугаар сар