Wednesday, April 30, 2008

Хотынхоо өнгө төрхийг өөд нь татахад

Түрүү жилийн арван сард "энэ сайхан Монгол улсынхаа нийслэлийг яавал илүү хурдан, бас яг юуг нь өөрчилбөл илүү сайхан болох бол гэж их боддог юм. Энэ талаар та бүхэн маань юу гэж боддог вэ? regular_smile" гэж асуусан хүний тэмдэглэлд бичиж байсан сэтгэгдлээ санаандгүй ахиад олж уншлаа. Одоо ч гэсэн бодсоор л байна:

Хотод ажилладаг, амьдардаг бүх хүмүүсийг ямар нэг байдлаар оролцуулах хэрэгтэй. Хүн ардаа боловсролгүй, ухамсаргүй гэж хаяж, үгийг нь сонсохгүй байж болохгүй. Тэгвэл харин ч ухамсаргүй юм шиг аашилж болох мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ухамсартай, чадвартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч харьцвал сая юм хийх урам зоригтоо хөтлөгдөнө гэж бодогддог юм.

Тэднийг сэтгэлийнхээ угт байгаа хүсэл эрмэлзэл, мөрөөдөл рүүгээ өнгийж, түүнийгээ олон нийтэд чөлөөтэй илэрхийлэх боломж олгоё. Та өөрийнхөө хотыг ямар байвал сайхан гэж төсөөлж байна вэ? Та яг тийм болгохын төлөө өөрөө юу хийж чадах вэ? гэдгийг хүн бүрээс асууж, хариултыг нь цуглуулж болно шүү дээ. Телевиз, радио, интернэт гээд цацаж болох суваг хангалттай бий. Анхаарлыг нь татахын тулд ямар нэг урамшуулал ч амлаж болно. Тухайлбал, түрүүлсэн хүүхдэд сургалтын зардал амлах ч юм уу, том хүн түрүүлбэл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь хүн хүчний тусламж үзүүлнэ гээд өөрсдөө сайн дураараа очиж туслах ч юм уу, өөр бодоод байхад олон л юм санаанд орж байна.

Хариуг нь цуглуулж дүн шинжилгээ хийгээд хотын захиргаанд танилцуулж болно. Тэгээд түүн дээрээ үндэслээд иргэдийн зөвлөл жишээ нь байгуулвал ямар вэ? Хороо бүрийн иргэдийн үзлийг нэгтгээд төлөвлөгөө болгоход нь туслах, мөн хэрэгжүүлэхэд нь туслах, төлөвлөгөөнүүд хоорондын уялдааг хангах зэрэг үүрэгтэй байж болох юм.

Мэдээж тэр хорооны иргэд нь янз бүрийн мэргэжил чадвартай, янз бүрийн газар ажилладаг хүмүүс байгаа. Тэр хэмжээгээрээ тэнд нөөц чадавхи байна гэсэн үг. Хамгийн гол нь бүгдээрээ оролцож байж хийсэн юмаа үнэлж, цаашид тиймээр нь хадгалах гэж хичээнэ. Бусдаар хийлгэх юм бол үнэ цэнийг нь тэр бүр ухаарахгүй. Тухайлбал хог хаяхаа зогсоох, хогний асуудлаа шийдэхэд энэ арга үр дүнгээ өгч магадгүй. Мэдээж илүү том юм хийх, тухайлбал спортын цогцолбор барих зэрэгт нөөц боломжоо дайчлах гээд цааш нь бүр нарийн юм бодож олох хэрэгтэй байх л даа. Гэхдээ ямар ч гэсэн нэгэнт сайхан төсөөлөл бий болгож өгөөд, хүрэхэд тийм ч хэцүү биш шүү гэдгийг харуулаад өгвөл олон юманд хөтлөнө дөө.

Хотын тулгамдсан асуудлууд бол хүн болгоны сэтгэлд байгаа зүйл. Ямар нэг хэмжээгээр бүгдээрээ бодож, сэтгэл нь зовниж яваа. Яг эвлэлдэн нийлээд ажил хэрэг болгох гэхээр л эхлүүлэх хүмүүс дутаад байгаа гэж бодож байна.

Сайн бодвол, бас олуулаа нийлж бодвол илүү сайн санаа төрөх л байх.

2007 оны Аравдугаар сарын 15. 15 цаг 40 мин.

Tuesday, April 22, 2008

Hopelessly devoted to you...

Hopelessly romantic хүний толгойд бүтэн өдөржин ийм л дуу эргэлдэж байх юм

Tuesday, April 15, 2008

Төвдийн асуудал дэлхий нийтэд Монголын үнэн түүхийг ойлгуулна

Өнгөрсөн жил Нъю Йорк хотноо Robert Thurman, Elliot Sperling хэмээх Хятад-Төвдийн асуудлаар мэргэшсэн хоёр нэртэй судлаач, мөн сэтгүүлч Thomas Laird нарын хооронд Төвдийн асуудлаар мэтгэлцээн болсон юм байна.

Хятадын хувьд Төвдийг 13-р зуунаас хойш Хятадын нэг хэсэг байсан гэж зүтгэдэг ч үнэн хэрэгтээ Төвдийг Монголчууд 13-р зуунд, Манжууд 18-р зуунд эзэлсэн гээд аль аль үндэстэн нь Хятадаас огт өөр юм гэдэг дээр бүгд санал нийлсэн байх юм.
Төвдийн тусгаар тогтнолын түлхүүр түүхийн үнэнд байгаа учир дэлхий нийтэд ухуулж ойлгуулах нь тэмцэгчдийн гол зорилго байх ёстой гэж блогийг бичигч нь үзжээ.

"The most clear-cut answer to why Tibet was an independent country, all three men agreed, was that while it was true that Tibet was occupied and invaded several times, it was never by the Chinese. China says that they have ruled the region since the 1200s, but in the 1200s, it was the Mongols who invaded. The Tibetans entered into a “priest-patron” relationship with the Mongols, although the scholars argued as to the extent. Elliot said that while that relationship existed, it was in reality complete domination, where as Laird said it wasn’t.

Later in the 1700s, the Qing dynasty took over Tibet, but once again, the Qing dynasty was Manchu, or from Manchuria, and not Chinese. Laird and Thurman both said that it was very clear to them the Manchus were not Chinese, and that the Chinese actually hated the Manchus. This dynasty abdicated in 1912, when the Republic of China was formed. That same year, Chinese troops in Tibet ceded and left the country, and the 13th Dalai Lama proclaimed independence.

The point of contention is where China says that they have ruled over Tibet for 800 years. The problem with their argument is that neither Mongolians nor Manchus are ethnically Chinese, and have never been, so to say that Tibet has been part of China for that long is a complete farce, unless Western Europe and the Middle East are also counted as part of China now. The Mongols, as you may know, had the largest contiguous empire in the history of the world."

Mongolian Empire


Хятадыг эсэргүүцдэг Энэтхэг залуугийн блогоос олж уншив.

Хүүхдийн оролцоог чухалчилдаг юм байна

Судалгаагаа хийгээд олон номон дундаас цухуйх боломжгүй сууж байхад их ч юм ойлгож олон ч санаа төрөх шинжтэй. Олон улсын жишгээс харвал, хүнд амьдралтай хүүхдийг өөртөө итгэлтэй байж бие даан сайхан амьдрах чадварыг олоход нөлөөлдөг нэг чухал зүйл нь тэдэнд чиглэсэн санаачлагад өөрсдийг нь идэвхитэй оролцуулах явдал байдаг гэжээ.

Нээрээ л тэднийг идэвхигүй, өгсөн юмыг авахаас өөр юм мэддэггүй чаддаггүй мэтээр харах нь өрөөсгөл биз ээ. "Хүүхэд бол чадвартай, гүйлгээ ухаантай, өөрийн гэсэн туршлага, амьдралын түүх, бодол сэтгэлтэй хүмүүс бөгөөд үүнийг хүндлэх нь зүй юм. Хүүхдийн ТӨЛӨӨ биш Хүүхдийн ХАМТ гэдэг үзлээр хандаж оролцоог нь дэмжиж, хангах ёстой. Энэ бол дэлхий даяар олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр ойлгож авсан зүйл юм" гэжээ. (Эх үүсвэр нь Хүүхдийг ивээх сангийн нэр дор англи хэлээр хэвлэгдсэн "Хөдөлмөр эрхэлдэг, гудамжинд амьдардаг хүүхдүүд: Төлөвлөлтийн удирдамж"(2000) хэмээх ном. 3-р хуудас)

Бид өөрсдөө тэр бүр хүүхдүүдийн амьдарч ирсэн нөхцөл, давж туулсан амьдралын нарийн ширийнийг мэдэхгүй. Тэд өөрсдөө л мэднэ. Тийм ч учраас өөрсөд шиг нь олон олон хүүхдэд яаж туслах вэ гэдгийг тэдний хамтаар бодож боловсруулах нь маш зөв алхам болох нээ гэдгийг эндээс ургуулан ойлголоо.

Бидний дунд ч гэсэн хүндхэн амьдрал туулж даваад одоо сайхан амьдарч буй хэрнээ ийм амьдрал ямар байдгийг мартаагүй, нэг ч болов хүүхдэд шууд тусламаар байна гэсэн хүн бий.
Бид олон сайхан юм хийж чадна гэдэг итгэл өдөр өдрөөр батажсаар байна даа.

Sunday, April 13, 2008

Мод тарьж сургая хүүхдүүддээ


Нобелийн шагналтан Вангари Маатайгийн тухай уншиж суугаад ийм санаа төрлөө. Түүнийг би яагаад ч юм эрэгтэй л гэж бодож явдаг байсан, харин өнөөдөр эмэгтэй гэдгийг нь мэдлээ. Тэрээр эх нутаг Кенидээ төрийн бус байгууллага байгуулан мянга мянган эмэгтэйд байгаль орчиндоо ээлтэй замаар аж ахуй эрхлэх, хийж буй ажлаараа байгалиа хамгаалдаг байхад сургаж, өнөөдөр нийт 40 сая мод улс орондоо тариад байна.

Бид ч гэсэн хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд тусалж боловсрол хөгжлийг нь анхаарах явцдаа байгаль орчноо давхар бодолцож, бүгдэд нь мод тарихыг зааж өгч, илүү сонирхсон нэгэнд нь энэ талын мэргэжил эзэмшүүлбэл ямар вэ? Монгол хүүхэд санаачлагынхан маань дээхнэ нэг уулзахдаа Эх нялхасын төвийн гадаа мод тарья гэж ярьсан тал бий билүү үгүй билүү…

Мод тарих юм сан гэж боддог ч мэддэг чаддаггүйн эрхэнд энэ бодлоосоо татгалздаг хүмүүс байдаг байж болох. Ирээдүйд ч манай орон байгаль орчноо бодож, ийм төрлийн арга хэмжээ авахаас өөр аргагүй болох нь ойлгомжтой. Хүүхдүүд маань энэ төрлийн мэргэжилтэй, үгүй гэхэд мэдлэгтэй болж байвал улс орондоо жинхэнэ хэрэгтэй, ирээдүйд эрэлт хэрэгцээ ихтэй хүмүүс болно доо.

Saturday, April 12, 2008

Та ингэх албагүй, таныг гэсэн хүмүүс олон бий...

Танихгүй хүнээс ичих нүүрээ баран байж гуйлга гуйж амьдрахдаа хүрээд байгаа хүмүүст (хүүхдүүдэд ч мөн) ингэж хэлмээр санагддаг. Цөөн хэдэн хүнтэй, хүн бүр бие биенээ мэддэг газарт бол хүнд байдалд орсон хүн бусдаасаа найзын ёсоор тусламж эрэлхийлж болдог байх. Сэргээд, амьдрал ахуй нь зөв гольдрилдоо ороод ирэхээр тэднийхээ ачийг хариулна гэсэн сэтгэлээр туслалцааг авч буй тэр хүнд бардам сэтгэл, нэр төр, өөртөө итгэх, өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах шаардлага гарахгүй.

Бусад нь ч гэсэн харсаар байж мэддэг таньдаг хүнээ, дотны нэгнээ тартагтаа тулахыг хараад суухгүй. Гэвч хүмүүсийн тоо олширохын хэрээр энэхүү нэгнээ гэсэн сэтгэл багасаад байдаг нь харамсалтай. Түг түмэн хүн дунд ганцаардаж, гарц нь олдохгүй бэрхшээл саадан дунд төөрөлдөх хүмүүс ийм үед олширдог нь гайхалтай.

Энэ байдлыг өөрчлөх нь амархан бөгөөд хэцүү. Хэцүү гэдэг шалтгааныг хүмүүс бэлхнээ тоочиж чадах байх. Би харин амархан гэдэгт нь илүү анхаарлаа хандуулмаар байна.

Монгол хүн уужуу ухаанаараа жаахан тунгаахад л нийгэм дэхь хүмүүсийн амьдралын чанар нэг бүр хүнийх нь амьдралын нөхцлөөс хамаараад байна гэдгийг ойлгох биз ээ. Өнөөдөр гудамжинд суугаа ноорхой хүүхэд болон шуудайтай хог үүрч яваа гундуу нэгнээ хараад өөрийн эрхгүй орой нь гэртээ уруу царайлан орж ирдэгийн тань учир энд л байгаа.

Асуудлыг шийддэг төрийн механизм байхаас гадна нийгмийн өөрийнх нь механизм гэж бас байдаг. Хүн нь хүнээ гэсэн бичигдээгүй хуулиар энэ нь хэрэгждэг. Аз болоход төр лүүгээ бүх буруугаа чихиж суухын оронд өөрийгөө юу хийж чадах вэ гэдгийг боддог хүмүүс олон болжээ. Өнөөдөр амьдралын эрхээр гэж гэмт үйлдэл хийж, эсвэл нэр нүүрээ барж, хүний хийхгүйг хийж яваа хүмүүст "Та ингэх албагүй, Таныг гэх хүмүүс олон бий" гэж хэлээд, өөрийн чадах бүхнээр туслах хүмүүс бидний дунд байгаа гэдэгт би ч итгэж байна.

Ядарсан хүнд тусална гэдэг нь түрийвчнээсээ, эсвэл банкны данснаасаа мөнгө гаргаад өгөхийн нэр бас биш юм. Тэгэж чаддаг нэг нь байвал сайн байлгүй яахав. Гэвч бичиг баримтгүйн улмаас өөрсдөд нь зориулсан төрийн тусламжийг хүртэж чаддагүй хүмүүс байна (нийгмийн халамжийн хуулийн холбогдох зүйл ангийг нь оруулъя... ямар хүн ямар тэтгэмж мөнгө авдаг тухай).

Мөн өөрөө мэргэжлийн чадвартай атлаа сэтгэл санааны дэмжлэг, найз нөхдийн итгэл дутдаг хүмүүс байна. Эсвэл ажил хийх чадвартай мөртлөө зүгээр л ажил хайх эрэлдээ шантарсан нэгэн байх. Танил тал хардаг, гадаад байдал нөлөөлдөг, хахууль авах гэдэг гэх мэт түг түмэн сөрөг бодолдоо автан аль хэдийн буугаад өгсөн хүмүүс их байдаг болов уу гэж яагаад ч юм бодох боллоо. Гэтэл тэр цаана нь Монголд маань хийгдэх ёстой атлаа хийгдээгүй ажил даанч их бий дээ.

Тухайлбал Улаанбаатар хотын хогийн цэг дээр олон арван хүн хүүхдүүдийн хамтаар "ажиллаж" амьдарч байдаг тухай уншиж байсан юм. Их хотын хогноос амь зууж байгаа тэр хүмүүсийн нөхцөлийг төсөөлөхөд даанч бэрх байлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод хогийг ямар ч эмх замбараагүй нийлүүлж ачаад хотын захад асгахаас өөр хог хаягдлын менежмэнт байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Байгаад мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй.

Гэтэл ихэнхи оронд (яг хэдэн оронд гэдэг тоо баримтыг мэддэг хүн байвал оруулна уу) хогийг хамгийн наад зах нь шатдаг, шатдаггүй, гээд цаашилбал цаас, хуванцар, жижиг, том, төмөр, даавуу, хуучин хувцас гэр ахуйн хэрэгсэл гэх мэт олон ангиллаар ялган хаяж, ихэнхийг нь дахин боловсруулан ашиглаж, үлдсэнийг нь байгальд хор хохиролгүйгээр устгаж байна. Ингэх аргыг олж мэдэх амархан байлтай.

Миний толгойд өнөөдөр орж ирсэн нэг санаа гэвэл тэнд олон хүүхэд өсөж том болж байгаа болохоор бидний анхаарлаа хандуулах ёстой газруудын нэг мөн бөгөөд, болдог бол энэ талын хэдэн мэргэжилтэнтэй холбоо тогтоож, эхний ээлжинд тун авсаархан хог боловсруулах цех байгуулж, тэнд амьдардаг бүх ажлын чадвартай хүмүүсийг ажиллуулж цалинжуулах. Зүгээр л бордоонд ашиглаж болох хүнсний хаягдал, мөн хуванцар, шил, төмөр гэх мэтээр ангилаад холбогдох газарт нь зохион байгуулалттайгаар тушаадаг болох. Эхэндээ цалингийн доод түвшинд цалинжуулахад л тэдний маань амьдралд том өөрчлөлт гарна. Нэгэнт энэ суурийг тавьсан байхад цаашид улам боловсронгуй болгох гараа нь эхэллээ л гэсэн үг. Ийм санааг дэмжиж хөрөнгө оруулалт хийх хүмүүс хайж олж, хандив цуглуулж болмоор санагдана. Хувийн хэвшил маань зарим хүмүүсийн төсөөлдөгөөс илүү өгөөмөр шүү... тийм ээ Оогий?


... Дээр бичсэнээ эргээд уншсан чинь нэг нэгнээсээ урсан гарсан бодлууд, зарим хүмүүс дэндүү хөнгөн хийсвэр гэж бодож болохоор ч юм шиг, идеалист нь хэтэрсэн гэж хэлж болохоор ч болсон мэт. Намайг хэн ингэж шүүмжилж хашраасан юм бүү мэд... Гэхдээ үнэндээ би хашраагүй юм байна. Хүн өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч амьдрахад, бусдын бодож ч зүрхлээгүйг амьдралд "болно" гэж хэлээд хэрэгжүүлэхийн тулд хүний сайн сайханд зөнгөөрөө итгэдэг идеалист нэгэн байх шаардлагатай ч байж болох. Иймээрээ л байгаад өөрийгөө зоригтой илэрхийлэхээс эмээх хэрэггүй ч байж болох юм...